card

Шүүхэд төрийг төлөөлөх

Зөрчил хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд оролцох:

Зөрчлийн хэргийг шалгаж шийдвэрлэсэн эрх бүхий албан тушаалтнаас хамаарч захиргааны болон эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэдэг.

Зөрчил шалгах эрх бүхий албан тушаалтан зөрчлийг шалгаж шийтгэл оногдуулж шийдвэрлэснийг үндэслэлгүй гэж үзвэл шийдвэрийг хүчингүй болгуулах, өөрчлөлт оруулахаар прокурорын дүгнэлт бичиж оролцохоос гадна эрх бүхий албан тушаалтнаас шийтгэл оногдуулж, албадлагын арга хэмжээ авахуулах саналыг шүүхэд хүргүүлсэн, зөрчилд оногдуулсан шийдвэрийг оролцогч эс зөвшөөрч шүүхэд гомдол гаргасан тохиолдолд, мөн төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр тус тус зөрчил шүүхээр хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд прокурор оролцож тайлбар, дүгнэлт гаргана.

Зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг прокурор эс зөвшөөрвөл хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд прокурорын эсэргүүцэл бичдэг.  

Зөрчлийн хэргийг эрүүгийн хэргийн шүүх хянан шийдвэрлэсэн бол давж заалдах шатны шүүхийн шийдвэр эцсийн шийдвэр байна. Харин захиргааны хэргийн шүүх хянан шийдвэрлэсэн тохиолдолд давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болно.

Эрүүгийн хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох:

Прокурор анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцож, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг нотлох үүрэг хүлээдэг.

Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон шийдвэр уншиж сонсгосны дараа, улсын яллагч гэм буруутайд тооцсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн зүйл, хэсгийн хүрээнд шүүгдэгчид оногдуулах ялын төрөл, хэмжээ, хорих байгууллагын нөхцөл, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх, тэнсэх, албадлагын арга хэмжээ хэрэглэх болон бусад асуудлын талаар дүгнэлт гаргадаг.

Прокурор нь шүүх хуралдааны баталгаажсан тэмдэглэлтэй танилцаж, 5 хоногийн дотор тэмдэглэлд засвар өөрчлөлт оруулахаар бол санал гаргана.

Прокурор шүүхийн шийдвэрийг хүлээн аваад шүүхийн тогтоол хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичнэ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд прокурор хэргийн оролцогчийн гаргасан гомдол үндэслэлтэй эсэх, эсэргүүцлийн хууль зүйн үндэслэл, хэргийн нотлох баримтыг шинжлэн судлан, үйл баримт, бодит байдлын талаар тайлбарлаж, дүгнэлт гарган оролцдог.

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд эсэргүүцэл бичнэ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалын хууль зүйн үндэслэл, Эрүүгийн хуулийн зөрүүтэй хэрэглээ, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн эсэх талаар хууль зүйн дүгнэлт гаргаж оролцоно.

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд Улсын Ерөнхий прокурорын газрын Шүүхэд төрийг төлөөлөх хэлтсийн прокурор оролцдог.

Прокурор шүүхийн шийдвэртэй танилцаад үг, үсэг, тоо, тооцооны зэрэг техникийн шинжтэй гарсан алдааг залруулахаар тухайн шатны шүүхэд нь санал гаргах боломжтой .

Онцлох мэдээлэл